2010/12/29

Нуман тамганы бэлэгдэл зүй

Баруун Амбаны Урианхайн Нуман тамга. Баян-Өлгий аймгийн Булган сум
Урианхайчууд нумыг шүтэх, эрхэмлэх ёсноос улбаалан сал сүргээ НУМАН тамгаар тамгалж хамгаалсан ард түмэн билээ. Нум сум мэт хүчирхэг, бат бэх, хурдан байхыг бэлэгдэн адуу малдаа нуман тамга хэрэглэх болсон гэж өвгөчүүл /нотлон/ хуучилдаг уламжлалтай. [2.1] 

Нум бол хүчирхэг бат бэх эд зүйл /зэвсэг/ хэмээн эрхэмлэж бэлэгшээх бөгөөд адуун сүргээ мөн л тийм байхыг бэлэгдэж энэ тамгыг хэрэглэсэн гэдэг.     Байгалийн бэрхшээл, хээрийн бусад ад зэтгэр, чоно нохойд баригдахгүй өсөж үржихэд нь нуман тамга туслана хэмээн итгэж сүсэглэнэ. Доктор Г. Пүрэвдорж “ ...Алтайн урианхайчууд дайчин, анчин хүний хамгийн дотно нөхөр болсон нум сумаа элгэн шар цоохор нум шигээ бүх зүйл эрч хүчтэй, бат бэх байхыг бэлгэдэн өөрсдийн мал сүрэгтээ даран тамгалж эзэн чингисийн өрлөг жанжин зэлмийн үр садны өмч хөрөнгө болохыг нь даяар олноо мэдүүлэн таниулж ирсэн уламжлалтай.” Гэж бичсэнтэй санал нэг байна.[3.27]
Баян-Өлгий аймгийн Алтай сум.
Нуман тамгыг хэрэглэх явцад түүнийг урлах, эдэлж хэрэглэх, хадгалах зан заншил нь бүхэлдээ бэлэгдэл зүйн олон шинжийг агуулсан байдаг.Нуман тамгыг хошууны алдартай сайн дарханаар хийлгэдэг. Тамга урлуулахын тулд сайн өдрийг сонгож дарханыд очиж  хадаг буюу цагаан алчуур барин “Тамга бүтээж хайрлатан” гэж гүн хүндэтгэлтэйгээр гуйна. Өдрийн сайныг эс сонговол хийлгэсэн тамга нь  хэврэг болно гэж үздэг.       
Нуман тамгыг малын гуянд босоо, хөндлөн, налуу гэсэн гурван байрлалаар дардаг. Хөндлөн байрлалаар дарахдаа нумны хөвчийг заавал дээш харуулж дарна. Хэзээ ч доош харуулж дарахгүй. Учир нь малын буян хишиг үгүй болно, мал сүрэг өсөж үржихгүй хоосрох аюултай гэж үздэг.   
Баруун амбаны Урианхайн нуман тамга
Сумтай нуман тамга хэрэглэдэг айл сумыг нь малын толгой тал руу харуулж дарах тохиолдол бий. Энэ нь голдуу удам дамжсан хурдан морьтой айл хэрэглэдэг байрлал юм. Ийнхүү сумыг урагш харуулж дардаг нь сум мэт урагш тэмүүлж хурдан байхыг бэлэгдсэн зан үйл юм.       
Мөн сумтай нуман тамганы сумыг малын хөл рүү буюу доош харуулж дардаг. Энэ нь уналга ачилганд хэрэглэдэг гүжирмэг морины хөл нь бат бэх болог гэсэн бэлэгдэл юм. Алтайн өндөр уул, давааг давахад морины хөл бат бэх, хүч тамиртай, чанга байх хэрэгтэй гэж бэлэгшээдэг.   
Бар шиг хүчирхэг, юунд ч дийлдэхгүй байхыг бэлэгдэж унага тамгалахдаа заавал бар өдрийг сонгоно.  Мөн шинийн 3, 13 байвал их сайн гэж үздэг. Энэ нь Урианхайчууд  гурав,есийн тоог бэлэгшээдэг заншилтай холбоотой.
Мал тамгалахдаа аль болох үдээс өмнө тамгална. Тамгалсны дараа тамгаа галын эхэнд дээш харуулан газарт хатгаж хөргөөх ба бүлээсэх үед айрагны шар тос эсхүл өрөмөөр тосолно. Харин цусан тос буюу хонины сүүлээр тослохгүй. Энэ нь тамганд малын цус хүрч болохгүй, хэрэв тамгыг хэтэрхий гүнзгий түлж дарвал адуу мал зовж тарчилна, эдгэхгүй гэж үздэгтэй холбоотой. Тамгалсан тамганы ором хурдан эдгэхийг бэлэгдэж цусанд ойртуулж болохгүй гэж цээрлэдэг.[2.2]   
Адууны тангараг “хондлой дээр нь” байдаг гэж бэлэгшээнэ.Сайр буюу ташаан дээр минь халуун төмрөөр бүү хайр гэж тангараглан захидаг гэнэ.Тийм учраас булчин мах буюу гэм хоргүй хэсэгт тамга дарна. Алтайн Урианхайн зүүн амбаны Ээрээ Бадарч  /Амгалангийн/ гэж их олон адуутай хүн байсан гэдэг. Энэ хүн “Адуу гэдэг их учиртай мал. надад тамга дараад өгөөч, тамгалавал би чиний бат сайн хүлэг болно. Эс тамгалаваас би бусдын хүлэг болчихно” гэдэг. Тамгатай адууны тамганаас нь чоно, хээрийн ад зэтгэр айдаг. Учир нь шөнийн цагт чоно харахад тамганаас нь гал гэрэлтдэг гэж ярьдаг юм. Тийм учраас адуугаа тамгалж байх хэрэгтэй” гэж хүмүүст захиж сургадаг байжээ.[2.3]   
Бод мал ялангуяа унага тамгалах тухайд “унагыг чоно идэхээс өмнө тамгалж авья гэж эзэн хичээдэг бол чоно тамгалахаас нь өмнө идэж авахсан гэж хүсдэг” гэсэн домог яриа бий. [3.30]
Алтайн Урианхайчууд нуман тамгаа хадгалахдаа бас л олон бэлэгдлийн шинжтэй зан үйлийг уламжлал болгож ирсэн байна.Тамгыг босоо хүний хүйснээс доош түвшинд барьж авч явахыг баруун амбаны урианхайчууд цээрлэдэг бол зүүн  амбаны урианхайчууд тамгыг гэрийн тоонын дундаас доош хэсэгт байрлуулж болохгүй гэж цээрлэдэг.Бүсэлхий буюу бүснээс доош байрлалд барьж авч явж болохгүй түүнээс дээш өргөж авч явна гэсэн үг.  Мөн гэрийн хоёр баганаас дээш буюу хоймор талд байрлуулж хадгалах ёстой. Энэ заншлыг эвдбээс мал сүрэг хорогдох, эдэлж хэрэглэхэд /хэврэг/ эмзэг болж, хүч тамир нь доройтно гэж үздэг байна.                    Тамгыг хадгалахдаа заавал хадгаар ороож авдар дотроо хөвчийг нь дээш харуулж байрлуулна. Мөн униндаа хавчуулж ил хадгалж ч болно.Ямарч нөхцөлд хадгаар ороож хүндэтгэл үзүүлдэг.Харин тэрэм буюу ханын толгойд хавчуулдаггүй гэнэ.Хэрэв ханын толгой буюу ханын нүхэнд хавчуулсан байвал тэр айл нуман тамгыг дээдлэн залах ёсыг төдий л хатуу сахидаггүй, буурь суурьгүй хүн гэж үздэг.(хааш яйж, салан задгайдуу) Бэлэг дэмбэрэлтэй сайн өдөр нуман тамгаа авдарнаас гаргаж тосолж сан тавьж ариулан мал сүргээ үржин, аливаа халдлагаас бат бэх хамгаалагдахыг бэлэгшээн хүндэлнэ.   
Тамганы бэлгэдэл зүйн нэг өвөрмөц зан заншил бол ТАМГААН БАЯН хэмээх ойлголт  байдаг. Баруун амбаны урианхайчууд мал нь мянга хүрсэн хүнд энэхүү эрхэм алдрыг хошууны ноёны айлдвараар хүртээдэг ба олон түмэн ихэд хүндэтгэдэг байна. Ноёны айлдвараар тусгай тамга хэрэглэх эрх олгож ТАМГААН БАЯН алдар хайрладаг гэнэ. ТАМГААН БАЯН болсоноор маш их хүндэтгэл хүлээж ард түмний их хишигтэн боллоо хэмээн үздэг байна.
Ийнхүү Алтайн Урианхайчуудын нум сумыг эрхэмлэн шүтэх ёс хийгээд малын нуман тамганы бэлэгдэлийн зан үйлтэй холбоотой зарим үзэл санаануудыг ахмад буурлуудынхаа аман мэдээллээс буулган авч товч сийрүүлсэн минь энэ буюу. Алдаа ташаа зүйл байваас миний batsukh64@yahoo.com хаягаар ирүүлбээс дуртайяа хүлээн авах болно.

Бөхбуурал овогт Тогосын Батсүх
Ном зүй:
1.    Б. Болдбаатар. Алтайн урианхайн ардын дууны утга соёлын судалгаа /ан авын дуу,найрын тагнай болон жаргаах дуу, туурь дууны жишээн дээр/ магистрын ажил. Ховд 2008 он
2.    Зохиогчийн өөрийн цуглуулсан аман мэдээллүүдийг буулгасан баримтын хувийн архив.
3.    Г. Пүрэвдорж  Ойрад Монголчуудын малын им тамга. УБ 2008 он.
4.    М. Ганболд Алтайн урианхайн сурын харваа.Ховд 2006 он
5.    Р. Эрдэнэцогт . Алтайн урианхайн сурын харваа.УБ.2005 он

No comments:

Post a Comment