2011/07/17

Соёлын Гавъяат Зүтгэлтэн Шалмаагийн Ёолк

Ер аль нэгнээс нь салгаж бодохын аргагүй зүйл гэж байх. Ухаандаа Монголын үндэсний телевизийн цэнгээнт “Агшин” нэвтрүүлгийн нэрийг дурдахад тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ш.Ёолк, эсвэл Ш.Ёолк гэхээр “Агшин” нэвтрүүлэг санаанд орж ирэх жишээтэй.
Манайдаа л хуруу дарж тоологдох чадварлаг цөөхөн хөтлөгч нарын нэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Шалмаагийн ЁОЛК. Хурц тод хэллэг, ялимгүй марзагнал, алиа хошин яриагаараа үзэгч сонсогчдыг цаг ямагт байлдан дагуулж байдаг энэ эрхэм багадаа ямаршуухан хүүхэд байснаа ийн дурсах.

Хонинд боорцог зөөж өгнө
-Би 1957 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө, одоогийнхоор Ерөнхийлөгч үг хэлж байх үед л мэндэлсэн юм гэнэ лээ. Баян-Өлгий аймгийн Буянт сумын эмнэлэгт. Тэр үед шинэ жил гэж ярьдаггүй байж. Хэн хүнгүй ёолк л гэдэг байсан хэрэг. Үүнээс үүдээд аав маань хүүдээ Ёолк гэж нэр хайрлаж л дээ. Манайх мал малын захтай айл байв.
Би хонь их эрхлүүлдэг хүүхэд байсан. Манайд боорцог иддэг нэг хар ирэг байх. Түүнд би боорцог зөөж өгнө. Заримдаа хуруугаа хазуулах ч энүүхэнд.
1966 онд нэг их зудалсан юм. Тэгэхэд манайх Тээгийн бууцанд өвөлжиж байв. Хэдэн малтайгаа хоолоо хувааж идэх нь л халаг байж авч гарч байлаа. Малдаа хивэг өгнө. Хивэг харсан мал ухаангүй дайрна шүү дээ. Нэг өдөр би гэртээ хивэг зуураад зогсч байтал яаж ч онгойлгосон юм, үүдээр хоёр гурван хонь ороод ирдэг байгаа. Хивэгний үнэрийг нь аваад л тэр. Тэгтэл хойноос нь баахан хонь дайрч орж ирээд. Гэрээр дүүрэн хонь. Аав, ээж бид гурав гаргах гэж хөөцөлдөөд бөөн юм болж билээ. Нөгөөдүүл чинь данхтай цай татаж унагаад гэр доторхийг бүр сандаагаад хаячихаж байгаа юм чинь.
Манай аав хоёр дайнд оролцож явсан хүн. Ээж маань орсон гарсанд ундтай, устай, хүн болгонтой ижий ахай болсон сайхан буурал. Манай тийшээ сарлаг ихтэй болохоор айлууд уулаадаа гарч зусна. Тэгэхэд би зургаа, долоон настай л байсан байх. Нэг зун зэрлэг хүн уулнаас бууж ирж манайд сар гаруй амьдарсан юм. 70 гарчихсан настай.
Нэр нь Мундуу. Ангийн арьсаар хийсэн хувцастай. Багадаа дүүтэйгээ тоглож байгаад араган дээрээс унагачихсанд ээж нь загнаж л дээ. Тэгэхээр нь дүүгээ алчихаж гэж санаад уул руу зугатаачихсан юм билээ. Харамсалтай нь, сонсголгүй. Би хүүхэд болохоор элдэв юм шалгааж гарна. Дохио зангаагаар шүү дээ. Чоно, алмастай тааралдаж байсан гэж тэр хүн өгүүлж байсан санагдана.
Ууланд долоон сарын дундуур, бараг наадмын маргааш л цас уначихна. Айлууд ч уулын бэл, хормой руу нүүнэ. Манайхыг нүүхэд Мундуу гуай их л гунигтай нь аргагүй гараа далласаар үлдэж билээ. Сүүлд сонсоход тэр өвгөн ууланд нас бараагүй гэсэн. Алтанцөгц суманд байдаг хамаатныдаа байж байгаад өнгөрсөн гэнэ лээ.
Хурдны морь зайдалж уралддаг байлаа
-Аав маань адуунд их хорхойтой, хурдан морь уяна. Манайд 1960-аад оны үед аймгийн наадамд тав, зургаан удаа түрүүлсэн бор морь байсан юм. Намайг жаахан байсан болохоор айлын хүүхдээр унуулдаг байв.
Тухайн үед бор морийг унаж байсан хүүхдүүд одоо тавь гарчихаж. Уулзахаар “танай бор морь мөн ч тэнгэрлэг амьтан байсан шүү” гэцгээдэг юм. Хөөрхийг 30 гарчихсан хойно нь тогоо тосолсон санагдана. Аав маань төхөөрчихөөрэй гэж хүнд захичихаад өөрөө зугтаагаад явчихаж билээ.
Би нэг л эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Дүү маань одоо нутагтаа байгаа. Айлын ганц хүү болохоор би тав, зургаан нас хүрч байж морь унаж сурч, бараг арван нас хүрээд хурдны морь унасан. Түүнээс өмнө хүүхэд алчихна, моринд чиргүүлчихнэ гэж ээж хориглоод морь унуулдаггүй байлаа.
Манай тийшээ хүүхэд моринд томдохын зовлон байхгүй, адуу нь бие томтой, тамир сайтай болохоор. 17-18 настай залуучууд хурдны морь унана шүү дээ. Би арван хэдтэйдээ морь зайдалж унаад уралдаж л байлаа. Хоёр хонгоо зулга туучаад ирэх нь л хэцүү дээ. Манай тэр хурдан бор морины дараа хээр, борлог морийг би унаж байлаа. Гэхдээ шальтай давхиулдаггүй байсан байх аа даа. Түрүүлж байснаа л санахгүй байна.
Хөлийн хурууных нь салаанд цаас хийгээд шатаачихна
-1966 онд би Буянтын бага сургуулийн нэгдүгээр ангид оров. Дээгүүрээ формтой. Харин гуталны хувьд бакиал чирээд л жийж байсан. Бас чиг тэр үед ховорт тооцогддог ширэн цүнхтэй. Аймаг дээр байдаг ахын хүүхдүүд л илүүчилж өгсөн шиг байгаа юм. Дөрөвдүгээр ангиа төгстөл онц сурч овоо байсан. Тэгээд дунд ангид орохдоо аймагт авга ахындаа суух болсон юм. Айлд нэг л олигтой идээшиж өгөхгүй байсан юм уу, гэрээ санаад тааруухан дүн хааяа авчихдаг болсон. Монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлд гайгүй. Тоонд ёстой явахгүй дээ. Анги дэвшиж алгебр ороод ёстой л тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг муудаж эхэлсэн.
Долдугаар ангиасаа дотуур байранд суув. Дотуур байр хоёр давхар орон сууцанд байрладаг байв. Манай тэндхийн хүмүүс орон сууцыг нэг их тоохгүй. Өөрсдөө сайхан сайхан байшин бариад суучихна. Байранд байхдаа хүүхдүүдийг шөнө унтаж байхад нь шоглоно. Нүүрийг нь хөөднө, хөлийнх нь хуруун завсар цаас хавчуулж байгаад шатаачихна. Дугуй унуулна гэж ярьдаг шүү дээ.
Нэг удаа тасгийнхаа Мандахыг шөнө дунд, хоёр цаг болж байхад сэрээгээд “өглөө болчихлоо” гэтэл өнөөх чинь нойрмоглоод дуртай дургүй гар нүүрийнхээ алчуурыг бариад угаалгын өрөө рүү явлаа шүү. Бас болоогүй нойрмог байж амандаа “хоолондоо” гэж хэлээд байгаа юм аа. Тэгтэл манаач өвгөн “чи юу хийж яваа юм” гэж загнаад. Наана нь бид нар саваад уначихаж байгаа юм.
Нэг давхарт хөвгүүд, хоёр давхарт охид байрлах. Бас нэг удаа ангийнхаа Хоролжавтай хамт охидын тасаг хэсч яваад шатаар буутал хачин аймаар царайтай хүн гэнэт хойноос хөөгөөд. Бид хоёр ч ухаан алдах шахаад зугтаачихав. Харайлгасаар өрөөндөө орж иртэл өнөөх чинь дагаад ороод ирдэг байгаа. Айсандаа хашгираад л нүдээ аничихсан. Тэгтэл “юунаас нь айдаг юм” гэсэн танил дуу гарав. Харсан чинь манай ангийн нөхөр нүүрээ будчихсан зогсч байдаг байгаа.
Би аравдугаар ангиа 1976 онд төгсч МУИС-д сурахаар онгоцоор хотод ирж байлаа. Хүмүүс диваажин мэт ярьдаг байсан болоод ч тэр үү, Улаанбаатарыг их л том хот байх гэж бодож байсан. Гэтэл зам нь хагархай жижигхэн хот л байв. Ирэнгүүтээ Шарга морьтын зусланд байдаг өвөөгийндөө очсон. Харин зуслан их гоё санагдаж байлаа...

Сэтгүүлч Цээнзэнгийн ГАЛБАДРАХЫН "БИ БАГАДАА" төгсөшгүй цувралаас

No comments:

Post a Comment